Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зуунд илрүүлсэн ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.
Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.
Хотын туурийг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.
Энэхүү балгасыг Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгасаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь төвөд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.
1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий суврагын нурангиас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өврийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гараар бүтээсэн зүйл байжээ.
Сонирхуулж хэлэхэд энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Видео
Мэдээ, мэдээлэл
Статистик
2024-10-06-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 13 Өнөөдөр
- 15 Өчигдөр
- 83 Долоо хоногт
- 447 Сүүлийн сард
- 14466 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх